Ярилцалга авсан: Дамчээн Сурнаа

Монгол Улсаас Хөлөнбуйр аймагт уригдан ирж бага сургуульд монгол бүжгийн сургалтын чиглэлээр ажиллаж байгаа Уранчимэгийн Халиунаа хэмээх бүсгүйтэй цөөн хором ярилцнаа та бүхэнд хүргэе.
Сурвалжлагч:-Өнөөдөр танай сургуулийн хүүхдүүдийн бүжиглэхийг хараад надад их сайхан санагдалаа. Өөрөө хэзээ Хөлөнбуйрт ирж бүжиг заасан юм бэ?
Халиунаа:-За би чинь одоо 2007 оны 6 сард МУСУИС-иас бүжиг болон бүжиг найруулагч багшийн мэрэгжлээр төгсөөд энд ирсэн дээ.Яг төгсөх жил дээрээ тоглолт гаргах үеэр Хөлөнбуйраас хүмүүс очиж бүжигчин элсэж авахаар нь байсан юм. Тэгээд эхний хугацаагаар бүжиг дасгалжуулагчаар гурван сарын хугацаатай ажиллаад 10 сард нь "Хөлөн" Бага сургуульд бүжгийн багшаар уригдаж ирсэн.
Сурвалжлагч:-За, Таныг анх энэ сургуульд ирэхэд хүүхдүүд Монгол Улсын бүжгийн талаар сайн мэдэхгүй байсан нь мэдээж.Таныг бүжгээ заахад хүүхдүүд хэр сонирхож байсан бол ?
Халиунаа:- За хүнээс нь авхуулаад хүүхдүүд их сонирхолтой.Монгол улсын хүн гэхээр одоо ямар хүн байдаг юм бол оо, бүжиг гэхээр яг ямар юм байдаг юм бол оо гээд аягүй сонирхолтой орж ирнэ.Тэгж сонирхож орж ирээд сурна, хийнэ, загнуулна.Том хүүхдүүд нь асууж сонирхох нь илүүтэй. Бүжиг гэлтгүй амьдралын талаас, өмсч зүүх, мөн түүхийн талаас аягүй их сонирхдог.Бид заримдаа том ангийн хүүхдүүдийг дагуулж тоглоно.Ер нь хүүхдүүдийг дандаа загнаад л хичээл заагаад байлтай биш.Тэдэнтэй бас өөрийгөө хуваалцаж, өөртөө илүү дасгах хэрэгтэй.Миний анх ирээд хичээл зааж байсан хүүхдүүд одоо долдугаар ангид сурч байгаа.Гэхдээ заваараа над дээр ирж бүжигээ үргэлжлүүлээд сурч байдаг.Надаас зөвлөлгөө их авдаг.Бүжгийн хувцас,ээмэг зүүлтнээс авхуулаад олон зүйл асууж зөвлөнө.

Сурвалжлагч:-Хүүхдүүдэд бүжиг заахад их түвэгтэй байдаг уу ?
Халиунаа:- Бага ангийн хүүхдүүд заахад аягүй хэцүү.Яахав би өөрөө дуртай гарч ирсэн болохоор.Тэгээд ч Монгол Улсын бүжиг гэдэг ямар юм байдаг, мөн Монголын соёл түүх, урлаг соёлыг сонирхож байгаа хүмүүст түгээж, мэдрүүлж, монгол бүжиг урлагийн натурь биелэгээний чиглэлээр ажиллаж байгаа. Би Жаминдагва болон Нанжид багшийнхаа гарын шавь байсан. Монгол бүжгийн хувьд мөр хавирна, дал хавирна, мөр сугсарна, өвдөг сугсарна гээд бүжиг болгон адилгүй байдаг.Манай Монголд Дөрвөн Ойрад, Баяд,Урианхай, Буриад, Казак, Үзбек гээд тэр бүрчлэн өөрийн гэсэн бүжгийн онцлогтой. Баяд гэхэд хормой цэцэргэхгүй бүжиглэдэг байна.
Сурвалжлагч:-Яг одоо хүүхдүүддээ ямар бүжиг зааж байна вэ ?
Халиунаа:-Анх ирээд голдуу Баяд ястны бүжгийг зааж байсан, мөн том ангийнханд Урианхай ястны бүжгийг зааж байсан.Энэ уларилд арай шинэлэг юм гаргана гэж бөөгийн бүжиг бүжиглүүлсэн. Бөөгийн бүжиг бол Хөвсгөл аймгаас гаралтай. Манай хүүхдүүдийн бие нь жижиг ч их сүрлэг гарч ирсэн. Энэ удаа материал арай дутуу байна. Манайхан бол үхрийн толгойн дагжны хэсгийг авч зүүж, хэнгэрэгийг нь хонины арьсаар хийсэн байдаг.Энэ удаа бид зүгээр бөс хэнгэргээр бүжиглэсэн.Бас гоцлол бүжиг, Орос бүжиг, Буриад бүжгийн тоглол гаргасан. Монгол бүжиг мөрөө хөдөлгөдөг бол Орос бүжиг хөлөө дэвснэ, хормойгоо цацна, хормойгоо өргөөд бүжиглэнэ гээд олон зүйл байдаг.Бүжиг нь биеэрээ хөдөлж үзүүлэх урлаг болохоор Орос улсын хувцас засал, урлаг шинжийг ойлгож болно."Хөлөн" бага сургууль маань өөдлөн хөгжиж байна.Одоо шинэ бүжгийн байртай болсон болохоор хүүхэд ч олон болж байна.Бүжиглэхэд хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөн их нөлөөлнө.Ая дуу, хувцас хунараас авхуулаад бүх юм сайхан байхад л хүүхдийн сэтгэлийг татаж чадна.

Сурвалжлагч:-Хүүхдийн баяр болж байна аа. Та багадаа хүүхдийн баяраа яаж тэмдэглэдэг байсан бэ?
Халиунаа:-Би дөрвөн наснаасаа бүжиг бүжиглэж ирсэн. Манай Өвөө Гавъяат бүжигчин байсан. Би Өвөөгөө дагаад бүжигчин болсон. Манайх бол том талбай дээр цэцэрлэг, сургуулиуд тоглолт гаргаж тэмдэглэдэг.Түүнд нь багталцаж бүжиглэж тэмдэглэдэг байсан.
Сурвалжлагч:-За.Энэ баяраар хүүхдүүддээ, мөн хамт ажиллагсаддаа хандаж юу хэлмээр байна вэ?
Халиунаа:-Намайг анх хүлээж авч байсан Сувд багшдаа, Арвин даргадаа баярлалаа гэж хэлмээр байна. Хаа холоос хэл ус мэдэхгүй харь нутагт ирж ажиллана гэдэг мэдээжийн их хэцүү.Тэгэхэд Сувд багш маань миний эгч шиг намайг харж харгалзаж, олон юум хэлж тусалсан. Бие биенийгээ тусалж дэмжиж явдаг монгол сэтгэлтэй хүмүүстээ баярлалаа. Мөн гурван жил хагасын хугацаанд загнуулж уурлуулж байсан ч багшдаа сэтгэлийн дэм өгдөг хүүхдүүддээ багшийгаа бүү мартаарай, хүүхдийн баяртаа сайхан баярлаарай гэж хэлмээр байна Уйлав ...
Сурвалжлагч:-За сайхан ярилцалга өгсөн ариун сэтгэлт Монгол бүсгүй танд баярлалаа.Танд ажлын өндөр амжил, амьдралын сайн сайхныг хүсэн зөгнөе.
Халиунаа:-Баярлалаа. Танд ч гэсэн аливаа сайн сайхныг хүсье.
|