БНХАУ-ын кирилл үсгйин сайт > соёл урлаг > 正文
МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ЭВХМЭЛ БИЧЛЭГИЙН АВАРГА-Б.ОРГИЛТОЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА
 
бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:13/04/01
 

Сэтгүүлч: Оргил гуай сайн байна уу ? Танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Б. Оргил: Сайн сайн, баярлалаа !


Сэтгүүлч: ӨМӨЗО-ны монголын Монгол уран бичээчдийн нийгэмлэг байгуулагдсаны 10 жилийн ойн баяраа саяхан тэмдэглэж амжилттай сайхан болж өнгөрснийг дуулсан. Та Монгол уран бичээчдийн нийгэмлэгийн тухай уншигч олонтой хуваалцах уу?
Б.Оргил: За, ӨМӨЗО-ны Монгол уран бичээчдийн нийгэмлэг маань байгуулагдаад 10 жилийн нүүрийг үзэж байна. 10 жилийн өмнө уг нийгэмлэгийг байгуулах үед БНХАУ-ын Монгол уран бичээчдийн нийгэмлэг гэж нэрлэх хүсэлтэй байсан ч албан ёсоор нэр бүртгүүлж чадаагүй учраас ӨМӨЗО-ны Монгол уран бичээчдийн нийгэмлэг хэмээн нэрлэсэн юм. 2002 оны 12-р сарын 14-ний өдөр Хөх хотод ӨМӨЗО-ны Монгол уран бичээчдийн нийгэмлэг албан ёсоор байгуулагдсан байна. Уг нийгэмлэгийг байгуулсны дараа олон арван ажил хийсэн юм. Саяхан байгуулагдах үеэр 100-аад гишүүдтэй л байсан даа, үүний дотор нэр хүндтэй уран бичээч хэдхэн байсныг санаж байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд олон удаа Монгол уран бичээчдийн эрдэм шинжилгээний хурал, сургаж бэлтгэх хичээл нээсэн бөгөөд хувь хүний уран бичлэгийн бүтээлийн дэлгэн үзүүлгийг олон удаа зохион байгуулсан байна. Бас уран бичлэгийн тухай 18 ном, эрдэм шинжилгээний 33 өгүүлэл нийтэлж хэвлэсний улмаас хүмүүс Монгол уран бичлэгийн тухай нэг хэмжээний ойлголттой болов. 2009 онд Хөх хотноо 100 уран бичээчдийн үзгийн чуулга уулзалт болж, зуун монгол уран бичээч нэг доор хамт уран бичлэг бичсэн гайхамшгийг бүтээсэн юм. ӨМӨЗО-ны Засгийн газрын дарга Баатар уг чуулга уулзалтад биеэрээ хүрэлцэн ирсэн бөгөөд “Мяралзан эрээлзэх монгол уран бичлэг, Мандан цэцэглэх монгол соёл урлаг” хэмээх бичээс бичиж өгсөн байна. Баатар даргын бичсэн бичээс нь Монгол уран бичээчдэд маш их урам зориг хайрлаж, үүний улмаас монгол уран бичлэг бичих хүн олшров. Одоогоор ӨМӨЗО-ын эл аймаг хотод Монгол уран бичээчдийн нийгэмлэг 12 байгуулсан бөгөөд 1000 гаруй гишүүнтэй болж хөгжсөн байна.

Сэтгүүлч: Таныг Монгол уран бичлэгийн ёсон аваргын нэг гэдэг, таны бичсэн монгол эвхмэл бичлэг уран нарийн нугалаа, урлагт чанараараа хүмүүсийн сонирхлыг татаж чадсан, тэгвэл та хэзээнээс эхэлж монгол эвхмэл бичлэгийг судалсан бэ?
Б. Оргил: Хүмүүс намайг Монгол уран бичлэгийн ёсон аваргын нэг, даруй монгол эвхмэл бичлэгийн аварга гэдэг. Би хархан багаасаа уран бичлэг, уран зураг, тэр дундаа эвхмэл бичлэгийг түлхүү сонирхоно, хуучин эвхмэл бичлэгийн ном бичигт бахтай байж, хүүхэд насны миний хувьд эвхмэл бичлэг нь бусад уран бичлэгийг бодвол илүү сонирхолтой санагддаг байснаас аажмаар бичиж урлах дуртай болжээ. 1991 он гэхэд “Торгон жолоо” сэтгүүлд “Монгол эвхмэл үсгийг хэрхэн бичих тухай” хэмээх анхны судалгааны өгүүлэл нийтэлж, монгол эвхмэл бичлэгийн тухай судалгаа албан ёсоор эхэлжээ. Өгүүлэл нийтэлсний дараа олон хүн надаас эвхмэл үсэг сурах гэж сураглаж ирснээс үүний тухай лавлаж болмоор ном бичиг ховор байхыг мэдэж тасралтгүй судалгаан хийж, 2006 онд “Монгол эвхмэл үсэг” гэх номоо хэвлэжээ. Уг номд эвхмэл бичлэгийг дан, давхар, заагийн болон дүрст бичлэг гэж дөрвөн төрөлд ангилж, бас монгол үсгийн цагаан толгойг эвхмэл бичлэгтэй харгалзуулан жагсаажээ, ингээд уг ном нь эвхмэл бичлэгийн толь бичиг болсон гэж хэлэхэд эргэлзэх хүн алга. Уг ном хэвлэгдсэний дараа монгол уран бичлэгийн хүрээнд их нөлөө тусгал гарч, намайг Эвхмэл бичлэгийн аварга хэмээн цоллосон юм.
    Анх монгол уран бичлэг бичиж байсан үед зөвхөн үсгийн гоё сайхныг хөөцөлдөг байснаас одоо болоход монгол уран бичлэгийн хууч судлал уруу гүн судалж эхлэсэн юм. Монгол уран бичлэгийн хамгийн анхны тиг бол эвхмэл тиг гэж хувьдаа боддог. Монголчууд эртнээс эвхмэл бичлэгээр гэр орноо засан чимэглэх заншилтай байжээ. Үүний тухай бодит гэрч баримт ч бий, тухайлбал Хөх хотын Ширээт зуу, Усатын зуу, Их зуу хийд, Ламын агуй, Хүрээ хошууны сүм хийд, Долоннуурын Хөх сүм зэрэг газруудаар олон байдаг. Эдгээр нь бүр эвхмэл тигээр монгол уран бичлэг бичиж сүм хийдийг засан чимэглэж байжээ. Эртний үед монгол нутагт сургууль маш ховор байж, эрдэм мэдлэг сурах гэвэл сүмд сууж сурдаг учраас сүм нь аяндаа монгол уран бичлэг үүсэн хөгжсөн газар болсон юм. Үүний тухай жишээ гэвэл Ширээт зууд хадгалагдаж байгаа цагаан сарын хос уянгын эвхмэл тигийн модон барын сийлмэл болно. Уг модон барын сийлмэлийн өргөн нь 20 cm, урт нь 120 cm байдаг. Бас тоосго буюу чулуун дээр сийлсэн эвхмэл тигийн хуучны үлдэгдэл байдаг, энэ нь монгол соёлын өв болж хадгалагдсаар иржээ. Монгол уран бичлэгийг судлах тутам бахархаж, монгол уран бичлэгээ хөгжүүлэх үүрэгтэй гэдгийг өөрийн эрхгүй мэдэрсэн билээ. 

МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ЭВХМЭЛ БИЧЛЭГИЙН АВАРГА-Б.ОРГИЛТОЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

Сэтгүүлч: Монгол үсэг бичиг бий болохын зэрэгцээгээр монгол уран бичлэг үүслээ гэж та үздэг, энэ тухай ямар бодит баримттай байх вэ? 
Б. Оргил: Миний үзэхээр үсэг бичиг бий болсон цагаас эхэлж уран бичлэг үүссэн юм, уран бичлэгийн хүмүүст өгөх гоо сайхны хүртээл нь юу бий гэвэл даруй үсгийн дүрс хэлбэрийн гоё сайханд оршино. Иймээс анх үсэг бичих үед гоё сайхан, уран нарийн бичихийг хичээдэг учраас уран бичлэгийн сэтгэмж үүслээ гэж би бодож байна.
Сэтгүүлч: Монгол уран бичлэгийг хичээлийн бичигт оруулж, бага сургуулиас эхэлж сургах гэж байна, монгол уран бичлэгийг сурах бичигт оруулсан нь үндэстний боловсролд ямар ач холбогдол өгдөг вэ?
Б. Оргил: 2013 оноос эхэлж бүх монгол сургуульд монгол уран бичлэгийг заавал сурах хичээл болгон заах гэж байна, бага сургуулийн 1-р оноос эхлэн дундад сургуулийн 9-р он болтол ёсон жилийн хугацаанд сурах бичгийг маний нийгэмлэг бичиж редакторлосон юм. Монгол уран бичлэгийг заавал сурах бичиг болгосон нь олон талын бодит ач холбогдолтой, уран бичлэгээр сурагчдын зөв бичлэгийг жолоодох, урлаг сэтгэмжийг нээгдүүлэх зорилготой юм. Монгол уран бичлэг сурах бичиг болсон нь бүх монгол уран бичлэгийн хүрээний хамгийн том баяр болов, энэ нь монгол уран бичлэгийг үе уламжлах боломж олгосон юм.

МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ЭВХМЭЛ БИЧЛЭГИЙН АВАРГА-Б.ОРГИЛТОЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

Сэтгүүлч: Монгол уран бичлэгийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг та яаж төсөөлж байх бэ?
Б. Оргил: Монгол уран бичлэгийн ирээдүй гэгээн саруул, өрнөн хөгжинө гэдэгт би итгэл төгөлдөр байна. Одоогоор манай нийгэмлэг 1000 гаруй гишүүнтэй, монгол уран бичлэг сурах бичиг болсны улсаас уран бичлэг сурах дуртай монголчууд олшрох нь лавтай. Монгол уран бичлэгийн хүрээний үйл ажиллагааг тэмдэглэх, уран бичлэг заах, судалгаан хийх, харилцан туршлага суралцах зорилгоор 2012 оны 6-р сараас эхлэн “Монгол уран бичлэг судлал” хэмээх сонин эрхэлж, сар болгон дөрвөн нүүр тарааж байна. 2012 оны 8-р сарын 9-ний өдөр, Хятадын уран бичлэг зураг хадгалж хянан тогтоох нийгэмлэг манай нийгэмлэгтэй хамтран, монгол уран бичээчдийн бүтээлийн үнэ өртгийг албан ёсоор тогтоож өгсөн юм, энэ нь монгол уран бичлэгийн зах зээлд гарах нөхцөл боломжийг бүрдүүлж өгчээ. Ийнхүү монгол уран бичлэгийг соёлын үнэ өртөгтэй болгохоор барахгүй ирээдүйд зах зээлд гаргаж чадах болсноос нэн сайн хөгжинө гэдэгт итгэж байна. Бас уран бичлэг сонирходог багш нар ч монгол уран бичлэгээр мэргэжлийн цол хамгаалах эрхтэй болсон нь нэн бахархалтай учир билээ.

МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ЭВХМЭЛ БИЧЛЭГИЙН АВАРГА-Б.ОРГИЛТОЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

Сэтгүүлч: Танд үндэстний гар урлалын үйлдвэр, дэлгүүртэй, монгол үндэстний гар урлалаа хөгжүүлэх гэж зүтгэж байхыг орж харна, энэ тухайгаа яриад өгөх үү?
Б. Оргил: Миний бие монгол эвхмэл бичлэг бичихээр барахгүй гар урлал хийсээр иржээ. Гар урлал нь амьдрал дундаас үүссэн болохоор уг үндэстний соёл, зан заншлыг харуулж чадна, гар урлалыг хөгжүүлэх нь эдийн засаг, аялал жуулчлалтай нягт холбоотой. Монгол үндэстний түүх соёл, зан заншлыг нарийн ойлгосны суурин дээр сая гар урлал хийж чадна, жишээлбэл Юань улсын үеийн лууны хүл гурван хуруутай байхад Чин улсын үеийн лууны хүл таван хуруутай байдаг, Цахар бөхчин хүзүүндээ зангиатай байхад Хөлөн бойрын бөхчин хүзүүндээ зангиагүй зэрэг нарийн ялгаа зөрөөтэй байдаг, Иймээс би гар урлалын тухай нарийн судалсны дараа үйлдвэрлэн зах зээлд гаргадаг. Би Дүүл компани ажиллуулж нийгмийн нэр хүндтэй судлаагчдыг урьж тусгай соёлын ажиллах хэсэг байгуулж, манай компанийн зурж төлөвлөсөн бүтээлийг хянан шалгуулж гарын үсэг зурвал сая үйлдвэрлэдэг юм. Ийнхүү манай хийсэн гар урлалын бүтээл сая зах зээлд гарч орон байраа эзлэн ирээдүйд нэн сайн хөгжиж чадна. 
    2012 оны 5-р сарын 17-ны өдөр би Хятадын гар урлалын сайтын хуулийн этгээд болж, албан ёсоор уг сайтыг ажиллуулж, бүх Хятадын 56 үндэстний цөөнхийн гар урлалын бүтээлийг тус сайтаас сонирхох буюу худалдан авч болох боломжийн олгуулсан байна. Энэ нь үндэстний цөөнхийн гар урлалын хөгжлийг ахиулж байна гэсэн үг. Би бас монгол уран бичлэгийг гар урлалтай уялдуулан судалж, монгол үсэгтэй торго дордон, ханын цаас, модон эдлэл, бэлэг сэлт хийх гэж төсөвлөж байна.

МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ЭВХМЭЛ БИЧЛЭГИЙН АВАРГА-Б.ОРГИЛТОЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

Сэтгүүлч: Таны эрхэлж байгаа Өвөр монголын монгол зураг бичлэгийн урлагийн тусгай боловсролын дээд сургуулиа ямар зорилготой эрхэлсэн тухай ярина уу?
Б. Оргил: 1994 онд монгол үндэстний залуучуудад соёл урлагийг уламжлах зорилготой уг сургуулийг байгуулсан юм. Одоогоор тус сургуульд монгол уран бичлэг, зураг, гар урлал, засал чимэглэл, хувцас урлан эсгэх зэрэг таван тусгай мэргэжлийн ангитай, бүх Хятадын хэмжээнд сурагч элсүүлэн хүмүүжүүлж байна. Уг сургуулийг эрхэлсэн 18 жилийн хугацаанд сурагчдын тоог 100 хүнээр хязгаарлаж, сургалтын яс чанарыг хөөчөлдсөн юм, Хятадын Боловсролын яам, ӨМӨЗО-ны  Боловсролын танхимаас манай сургуулийг “Зуун хүний сургууль” гэдэг. Манай сургууль нь “Хятадын ардаас эрхэлсэн шилдэг сургууль”, “Хятадын өвөрмөц онцлогтой сургууль”, “Хятадын урлагийн арван шилдэг сургууль” зэрэг яруу алдар хүртэв. 2008 оны Хятадын оюутны гар урлалын наадамд манай сургуулийн сурагч алтан медаль, хүрэл медалийн эзэн болж, Хятадын Соёлын яам, Хятадын Боловсролын яам, ӨМӨЗО-ны Засгийн газраас “Шилдэг зохион байгуулагч” хэмээх илэрхийлэл олгож, нийгэм нийт дэх нэр хүнд ихээр дээшилж олны танил болсон байна.
 

Сэтгүүлч: Хятад Монгол хоёр улсын соёлын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна, тэр дундаа хоёр улсын монгол уран бичлэг, гар урлалын салбар хоорондын солилцоо ямар төвшинд байх бэ?
Б. Оргил: 2006 онд манай нийгэмлэг Монгол уран бичлэгийн эрдэм шинжилгээний хурал зохиож, Монгол улсын уран бичлэгийн нийгэмлэгийн дарга Ариунболдыг урьж, тэрээр бас өгүүлэл дэвшүүлсэн байна. Монгол улсын уран бичлэг бичдэг 24 хүний нэр надад байгаа хэдий ч, тэд нартай уулзаж бодол санал, бүтээлээ солилцох боломж олдоогүй нь их харамсал үлдэв. Хятад Монгол хоёр улсын монгол гар урлалын талын солилцоо их хөгжиж байна, 2012 оны 8-р сард Эрээн хотноо болсон Хятад Монгол Орос гурван улсын үндэстний хувцас загварын баяр өргөн хэмжээнд болж, хоёр улсын гар урлал, соёлын харилцаа хамтын ажиллагааг ахиулжээ.


Сэтгүүлч: Та олон төрийн шагнал, яруу алдар хүртсэн хүн, тодруулаад хэлэхэд Олон улсын хатуу үзгийн дээд зэрэглэлийн уран бичээч, Олон улсын зураг бичлэгийн урлагийн суут хүн, Ардын содон гар урлагчин, Хятадын шилдэг ардын багш гэх олон олныг дурдаж болно, та өөрийгөө яаж үнэлэх бэ?
Б. Оргил: Миний бие Монгол уран бичлэг, гар урлалын талаар олон шагнал хүртсэн нь үнэн, олон улсын шагнал 5 удаа, сүүлийн жилүүдэд олон төрлийн ажлыг даан авч хийсээр, өөрийн гэсэн цаг зав маш ховор болжээ. Одоогоор  хоёр сургууль, дөрвөн нийгэмлэг, хоёр компанийн ажлыг хариуцаж, бас нэгэн сүм байгуулж байгаа учраас ажил ихтэй л явна. Монгол соёлын төлөө зүтгэнэ гэдэг надад жаргалтай, бас зүдрэлтэй санагдаж байна, би өөрийгөө жаргалтай бөгөөд зүдрэлтэй монгол соёлын ажилтан гэж хэлмээр байна.
 

Сэтгүүлч: Таны зав чөлөө гарган ярилцлага өгсөнд баярлалаа !
Б. Оргил: Солонго сэтгүүлийн хамт олонд ажлын амжилт хүсье !

 

Б. Оргилын тухай товч намтар

Б. Оргил. Эрэгтэй, Монгол үндэстэн, урлагчин, Хянган аймгийн Залайд хошууны Тэмээчин нутгийн хүн, 1966 оны 12-р сарын 28-ны өдөр төрөв. 1987 онд Өвөр Монголын үндэстний дээд зэргийн тусгай мэргэжлийн сургуулиас төгсөж, 1989 онд Хятадын зураг бичлэгийн захидлаар сурах их сургуульд хоёр жил мэргэжил дээшлүүлэв. 1994 онд улсаас албан ёсоор зөвшөөрсөн “Өвөр монголын монгол зураг бичлэгийн урлагийн тусгай боловсролын дээд сургууль”-ийг байгуулж, тус сургуулийн захирлаар ажиллаж байна. Бас Хятадын орчин үеийн үндэстний зураг бичлэгийн урлагчдын нийгэмлэгийн дэд захирал, ӨМӨЗО-ны Монгол уран бичээчдийн нийгэмлэгийн дэд захирал бөгөөд нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтай. Тэрээр Монгол уран бичлэг, тамга сийлмэл, эвхмэл бичлэг, гар урлал зэрэг монгол үндэстний олон зүйлийн соёл урлагт дур сонирхолтой идэр залуу насны тусгай мэргэжилтэн юм. Түүний эвхмэл бичлэг нь бусад хүний бичлэгээс ялгагдах биеэ даасан онцлогтой. Тэрээр сүүлийн жилүүдэд монгол эвхмэл бичлэгийн судалгаанд гүнзгийрч, эвхмэл бичлэгийн өгүүлэл зохиол, ном дэвтэр туурвиж, амжилт дүүрэн явна.
Түүний уран бүтээлүүд нь “Дэлхийн зураг бичлэг сийлбэрчдийн нэвтэрхий толь”, “Хятадын зураг бичээчдийн гарын үсэг зурах ба тамга сийлмэл урлагийн ерөнхий эмхтгэл”, “Дэлхий хатуу үзгийн уран бичээчдийн нэвтэрхий толь”, “БНСУ болон БНХАУ-ын уран бичлэгийн солилцооны үзэсгэлэн”, “ Орчин үеийн монгол үндэстний уран бичээчдийн бүтээлийн сонгомол”, “ Өвөр монголын тамга сийлмэл” зэрэг хорь гаруй толь бичигт сонгогдон нийтлэгдсэн бөгөөд түүний бүтээл нь Бээжингийн үндэстний соёлын ордон, Америк, Япон, Монгол, Канад, Орос, БНСУ зэрэг улс орнуудад хадгалагдаж байна. Тэрээр бас “Эрт эдүүгээний монгол уран бичлэг”, “Урлаг үсэг”, “Болд үзгийн бичлэгийн суурь” зэрэг сурах бичгийг найруулж, “Монгол эвхмэл үсэг”, “Үйлсийн сайхан” зэрэг бичлэг зургийн номыг зохион хэвлэв.
 

<< Бид бүгд улсын хүүхэд мөн “Хятад Монгол Ангил Япон том толь”-ийг найруулж бичих ажил эхэллээ >>
 
мэдээ хайх
сонирхолтой мэдээнүүд
хамгийн олон уншигдсан
  • Буянтогтохын уран бичлэг
  • Цэцэнбатын уран бичлэг
  • Шог Зураач Б. Билигийн бүтээлүүд
  • Мэргэнний уран зураг [Гансү муж]
  • Зураач Цогийн уран бүтээлүүд
  • Алтансангийн уран бичилгэ
  • Умардын Санаабаатарын уран зургууд
  • Г.Барсын уран бичилгэ
  • Ядамын Жимсийн уран бүтээлүүд
  • Орчон үндэстний үйсэн урлал
  • холбогдол бүхүй зүйлүүд
    Copyright 2009-2011 Powered By БНХАУ-ын кирилл үсгйин сайт 中国新蒙古文网